Хулан өдөртөө хvvгээ асарсаар завгvй өнжинө. Хэдийгээр Ананд "Памперс" живхийг уут, уутаар нь авчраад даавуу угаах гэгчийг мэдэхгvй байсан ч хvvхэд асарна гэдэг амаргvй ажээ. Дvv нь хичээлээс ирээд овоо туслах боловч хөгжим, хэлний хичээлдээ явчих тул эгчдээ бараг олдохгvй.
Гэрийнхнийгээ бvгдийг нь явсны дараа нэг өдөр хvvгээ усанд оруулчихаад хэсэг дугхийх гэтэл Америкаас Тvвшин ярьжээ. Харин Хулан хvvгээ төрvvлсэн тэр өдрийнх шиг догдолсонгvй, нэлээд тайван байгаадаа өөрөө их л гайхаж байлаа.
-Сайн уу? Хулаан. Би Тvвшин байнаа. Хvv чинь том болж байна уу?
-Сайн. Ямар сонин хvн бэ? Миний хvv том болж л байна. Одоо нэг сартай. Чамаар сонин юу байна?
-Би хэлний курсээ удахгvй төгсөх гэж байгаа. Одоо пицца зөөгчийн ажил хийж байгаа. Тэгэхгvй бол ээжийгээ өрөнд оруулаад энд ирчихсэн юм чинь. Мөнгө явуулахгvй бол болохгvй ш дээ. За, энэ ч яахав. Чамд сонин биш байх л даа. Хvv чинь хэнтэй адилхан юм бэ? Анандтай юу, чамтай юу?
-Нvд нь л надтай адилхан юм байна.
-Тэгвэл хөөрхөн нvдтэй хvvхэд гэсэн vг. Би чамд илгээмж явуулсан шvv.
-Яах нь вэ дээ. Ээждээ л мөнгөө явуулсан нь дээр байлгvй.
-Тийм их юм биш ээ. Харин Анандаар битгий авахуулаарай. Бөртэгээ явуулчихгvй юу.
-Яагаад Ананд авч болдоггvй юм бэ? Арай Анандыг хvрвэл дэлбэрчих юм биш биз дээ?
-За, юу гэж дээ. Би чиний Анандыг яах ч vгvй. Зvгээр чамд, бас хvvд чинь бэлэг явуулсан юм. Бас...бас чамд ноднин явахдаа өгөх гээд чадаагvй нэг захиа байгаа юм. Чи ноднин яагаад намайг гаргаж өгөөгvй юм бэ? Би чамайг хvрээд ирэх байх гэж нисэх дээр зөндөө харсан.
-Би бvр жаахан бацаан байхдаа л чамд хайртай байсан. Харин чамайг хамар доороосоо ингээд Анандад алдчихна гэж ёстой бодоогvй. Чи хэнийг ч тоодоггvй тийм ихэмсэг охин байсан ш дээ. Тэгээд л би чамд хайртайгаа хэлж зvрхлээгvй байхгvй юу.
-Би ч чамайг надад сайн гэж бодож яваагvй. Эртvvд намайг төрөхөд байхад утасдахад чинь ... vгvй, хайртай гэж хэлэхэд чинь гайхсан л даа.
-Би та хоёрыг vймvvлэхгvй ээ. Зvгээр п енгөрсөн хойно ч гэсэн сэтгэлийг минь мэдэг гэж утасдсан юм. Харин миний тэр захиаг уншчихаад урчихаарай, за юу. За баяртай. Биеэ бодоорой. Баяртай. Хуланг хариу хэлж ч чадаагvй байтал Тvвшин утсаа тавьчихлаа. Утас тасран хэдэн мянган км-ийн алсаас дэргэд юм шиг сонсогдож байсан хайртынх нь дуу хоолойн оронд дийд ... дийд гэсэн чихэнд чийртэй дуу сонсогдлоо. Цонхоороо харахад ганц ч навчгvй нvцгэн улиас дэндvv уйтай. Хөгжим сонсох гээд гарт тааралдсан нэг цомгийг тавьсан ч чих шуугихаас өөр ямар ч нэмэр болсонгvй. Бvсгvй толгойгоо боосон цагаан алчуураа аваад нvvрэндээ нааж байгаад асгаруулан уйллаа. Орой нvд нь хавдчихсан байхыг хараад Ананд их л санаа нь зовон аргадангуй байхад ч Хулан нvvр өгсөнгvй. Анандад сайн байя гэж хичнээн хичээгээд ч нэг л болж өгөхгvй байлаа. Сvvлдээ цаадхийнх нь ч тэсвэр барагдаад:
-Хулаан, би чамайг гомдоогоогvй байх аа? Тэгээд яагаад надад ингэж муухай аашлаад байгаа юм бэ? гэж хvvгээ тэврэн өрөөнийхөө хаалгыг хааж байгаад асуухад нь ч дуугарсангvй. Хэдийгээр ямар ч гэм хийгээгvй тvvнийг өрөвдөж байсан ч угийн гөжvvд зан нь хөдлөөд хvvгээ шvvрч аван ээж, дvv хоёрынхоо инээлдэн цайлж суусан гал тогооны өрөө рvv зvглэв. Цааш унших...
Sunday, 6 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment